“ТАМБОВ–ЦЭРГИЙН ХИМИЧИД” ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА

   Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг, арванзургаадугаар зүйлийн хоёр дахь заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дөрөвдүгээр бүлгийн 16 дугаар зүйлийн дөрөвдүгээр заалт, 21 дүгээр зүйлийн гуравдугаар заалт, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 8 дугаар зүйлийн хоёр, гуравдугаар заалтууд, 9 дүгээр зүйл, 14 дүгээр зүйл, гуравдугаар бүлгийн 18 дугаар зүйлийн хоёр, гуравдугаар заалтуудыг тус тус мөрдлөг болгон химийн хорт болон аюултай бодисын ашиглалт, хадгалалт, устгах, булшлах чиглэлээр үйл ажиллагаа явуулах, нийгэмд үйлчилдэг ашгийн төлөө биш төрийн бус байгууллага болно. 

   Цацраг, химийн хорт болон аюултай бодисын аюул, хөнөөл болон бактериологийн (биологийн) хэрэгслийн тархалт, хүн, амьтан, ХАА-н таримал ургамал, газар нутаг,  эд хөрөнгийг хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар төрөөс баримтлах бодлогыг дэмжиж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, сургалт сурталчилгаа явуулах, судалгаа шинжилгээ хийж санал дүгнэлт гаргах, эрсдлийн үнэлгээ хийх, ном гарын авлага, зөвлөмж гаргаж сурталчлах зорилготой. 

   Цацраг, химийн хорт болон аюултай бодис хэрэглэж үйл ажиллагаа явуулж байгаа ААН, байгууллагад гарсан ослыг арилгах, хөнөөлийн голомтыг аюулгүй болгох, аврах, сэргээн босгох болон химийн хортой хог хаягдлыг устгах, булшлах ажиллагаанд оролцох, уг салбарын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээ, судалгааны болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ. 

Хүн малын гоц халдварт өвчний голомтыг илрүүлэх, аюулгүй болгох, ариутгал халдваргүйжүүлэлт хийх арга хэмжээнд төрийн болон холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллана. 

   Тус ТББ нь дээр дурдсан зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд салбар бүрийн мэргэшсэн эрдэмтэн судлаачид болон инженер техникийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсгүүдтэйгээр гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран үйл  ажиллагаагаа явуулж байна. 

   Төрийн зарим нэг ажил үйлчилгээг мэргэжлийн иргэний болон олон нийтийн байгууллагад шилжүүлнэ гэсэн бодлогын хүрээнд тус ТББ нь ажиллаж байна.

   ТББ-ын гишүүд нь ОХУ-ын Тамбов хотын цацраг, хими, биологийн хордолтоос хамгаалах цэргийн дээд сургуулийг төгсөгчид бөгөөд тэд нь үй олноор хөнөөх зэвсгийн аюул болох цацраг идэвхт хордолт, химийн хортой аюултай бодисын хордолтоос хүн ам, газар нутаг, эд хөрөнгийг хамгаалах, гамшиг ослын үед тэдгээрийг хоргүйжүүлэх, саармагжуулах арга хэмжээг хэрэгжүүлэх, мөн хүн малын гоц халдварт өвчний тархалтыг хязгаарлах, хүн ам, газар нутаг, ургамал амьтанд ариутгал халдваргүйжүүлэлт хийх чиглэлээр мэргэшсэн болно. Эдгээр хамгаалах цогц арга хэмжээнүүд нь энхийн цагт гамшиг ослоос хамгаалах ажлын хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжих тул бидний эзэмшсэн цэргийн ховор мэргэжил нь хөрвөх чадвартай болно.  

Түүнчлэн цацраг идэвхт хордолтыг илрүүлэх, хэмжих зориулалтын дозиметрийн багажнуудад урсгал, дунд засвар хийх, багажны градуировка (тохируулга) хийх, нэг бүрийн хамгаалах хэрэгсэлд засвар үйлчилгээг бүрэн цогцоор гүйцэтгэнэ. Цацраг идэвхт тоос болон химийн хорт бодисоор хордсон машин техник, барилга байгууламж, материал хэрэгсэлд цэвэрлэгээ, идэвхжил сулруулалт хийх, халдварт өвчний нянгаар хордсон хүн, эд хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай тоноглолтой техникүүдийг ашиглах чадвар дадлагыг бүрэн эзэмшсэн болно. Мөн хордсон эд материалаас хими, биологийн сорьц дээж авч, хээрийн нөхцөлд зөөврийн лаборатори ашиглан аналитик шинжилгээ хийж дүгнэлт гаргана. 

   Манай сургуулийг төгсөгч Бригадын генерал доктор, профессор М.Хүрлээ Монголын Зэвсэгт хүчнээс анх удаа Химийн зэвсгийг хориглох олон улсын Конвенцийг хэрэгжүүлэгч байгууллага болох Гаага хотод төвтэй Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагад химийн зэвсгийн шинжээчээр 1997-2004 онуудад ажилласан ба түүний халааг хурандаа З.Нармандах, хурандаа доктор, профессор Д.Эрдэнэцогт нар үргэлжлүүлэн мэргэжлээрээ хүлээн зөвшөөрөгдөн ажиллаж байна. 

   ОХУ-ын Тамбов хотын цацраг, хими, биологийн хордолтоос хамгаалах цэргийн дээд сургууль болон Москва хотын Хими хамгаалалтын академийн төгсөгчдийг нэрлэвэл /2011 оны 7 р сарын байдлаар/: 

Бригадын генерал доктор, профессор М.Хүрлээ – Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин Сайдын яамны Цэрэг, агаарын цэргийн атташе, 

•хурандаа З.Нармандах – Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагад (OPCW) химийн зэвсгийн шинжээч,  

•хурандаа доктор, профессор Д.Эрдэнэцогт – Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагад (OPCW) химийн зэвсгийн шинжээч,

•хурандаа доктор, профессор Ш.Паламдорж – Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Дайн, цэргийн урлаг судлалын төвийн дарга,

•хурандаа Д.Налжир – БХЯ-ын Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газарт мэргэжилтэн, 

•хурандаа И.Батболд – БХЯ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга, 

•хурандаа У.Жавзандулам – ЗХЖШ-ын ЕЗЦ-ийн командлалын бэлэн байдал ажиллагааны хэлтсийн дарга, 

•хурандаа доктор, профессор П.Нарангэрэл – ЗХЖШ-ын хэлтсийн дарга,

•дэд хурандаа, цэргийн шинжлэх ухааны магистр Г.Баярсайхан – ЗХЖШ-ын хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, 

•хурандаа, цэргийн шинжлэх ухааны докторант С.Пүрэвдорж – БХИС-ийн цэргийн алба, хангалт үйлчилгээ хариуцсан захирал, 

•хурандаа С.Мягмаржав – Цагдаагийн академид багш, 

•хурандаа доктор, профессор Б.Баяржаргал – ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, 

•хурандаа доктор, профессор А.Муратхан – ХЦДС-ийн Эрдэм шинжилгээний төвийн дарга, 

•хурандаа О.Батдорж – ЗХ-ийн 119-р ангийн захирагч,

•хурандаа А.Бүрнээбаатар – Сэлэнгэ аймгийн Цэргийн штабын дарга,

•хурандаа Д.Энхбаатар – АНУ-д дайны коллежийн сонсогч, 

•тэргүүн ахмад Б.Буянтогтох – Өмнөговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга,  

•дэд хурандаа Д.Ганзориг – Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны референт, 

•дэд хурандаа цэргийн шинжлэх ухааны магистр  Ч.Энхтөр – БХИС-ийн  Хими-гамшгаас хамгаалах менежментийн тэнхимийн дарга, 

•ахмад цэргийн экологийн шинжлэх ухааны магистр Л.Пүрэвдорж – БХИС-ийн Хими-гамшгаас хамгаалах менежментийн тэнхимийн ахлах багш, 

•Ph.Доктор Ө.Баяраа – ЭМЯ-ны ерөнхий хор судлаач, 

•Ph.Доктор Г.Чинзориг – МХЕГ-ын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч

•Ph.Доктор Б.Батжаргал – “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тооцоолон бодох цехийн рентген шуурхай шинжилгээний лабораторийн эрхлэгч,

•цэргийн шинжлэх ухааны магистр Р.Энхболд – “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн онцгой байдлын штабын сургалт, бэлэн байдал, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, 

•Б.Баттайван – “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн албаны дарга, 

•О.Гантөмөр – БСШУЯ-ны харьяа Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн багш, 

•Б.Цэрэн – “Бласт” ХХК-ийн Налайхын тэсрэх бодисын үйлдвэрийн дарга, 

•Б.Нямдаваа – “Жаст” группийн Олон Овоотын алтны үндсэн ордын хүдэр баяжуулах үйлдвэрийн дарга,

•Д.Батжаргал – “Суурь хана” ХХК-ийн захирал,

•Р.Баттулга – “Цэгц тулга” ХХК-ийн захирал,

•Ч.Амаржаргал- “Эй Эм Би Эйч” ХХК-ийн захирал,

•Л.Баярсайхан – “Марс”  ХХК-ийн захирал зэрэг албыг хашиж байна.

   Сүүлийн 20 гаруй жилд Монгол улсад тохиолдсон цацраг идэвхт, химийн хорт болон аюултай бодисоор бохирдсон газар орныг хоргүйжүүлэх, хүн малын гоц халдварт өвчний дэгдэлт зэрэг нийтийг хамарсан гамшиг, томоохон ослын үед манай ТББ-ын гишүүд оролцож байсныг дурдвал:

•1987 оны 12 дугаар сард Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн 3 дугаар зууханд технологийн горим алдагдсанаас үүссэн үйлдвэрийн ослын улмаас үүсгүүрийн гаднах хамгаалалтын хар тугалган гэр хайлж, цацраг идэвхт үүсгүүр Цезий-137 ил гаран цацрагийн хордолтын аюултай орчин үүссэн хүнд нөхцөлд дэслэгч Д.Батжаргал, Д.Нарантулга агсан нар үйлдвэрийн районд цацрагийн хяналт явуулж, Цезий-137 цацраг идэвхт үүсгүүрийг олох, цацрагийн хордолтын бүс, дозын чадлыг тогтоох үүргийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, үүсгүүрийг олж, цацраг идэвхт хордолтын аюулыг таслан зогсоож чадсан боловч өөрсдөө ойролцоогоор 30 рентгений хордолт авсан. Цезий-137 үүсгүүрийн хагас задралын үе 30 жил байдгийг тооцвол дэслэгч Д.Батжаргал, Д.Нарантулга нар тухайн үед шуурхай ажиллаж, үүсгүүрийг аюулгүй болгож чадаагүй бол Хөтөлийн орчин 2050 он хүртэл цацрагийн бохирдолтой хэвээр үлдэх байлаа. 

•1993 онд Нарантуул захын баруун урд талбайд хаягдсан Стронций-90 шингэн цацраг идэвхт үүсгүүрүүдийг цуглуулж савлах, тэдгээрт идэвхжил сулруулалт хийх, булшлах ажиллагаанд Г.Баярсайхан, Р.Энхболд нар биечлэн оролцон үүрэг гүйцэтгэсэн. 

•1996 онд Хөвсгөл аймгийн Байшинт уул, 2001 онд Увс аймгийн Малчин суманд осолдсон онгоцны цацраг идэвхт үүсгүүрийг эрэн сурвалжлах, хамгаалалтанд авах, тээвэрлэн шилжүүлэх ажиллагаанд Г.Баярсайхан оролцсон. 

•1996 онд Хөтөлд гарсан гоц халдварт өвчин булчин задрах тахлын хор уршгийг арилгах ажиллагаанд Ө.Баяраа идэвхтэй оролцсон.  

•1998 оны Төв аймгийн Мөнгөнморьт сум, 2002 оны Их Баян, Бага Баян, Улиастайн аманд гарсан ойн түймэрийг унтраах ажиллагаанд Ц.Уламбаяр, Г.Баярсайхан, Ж.Гантөмөр, Ч.Энхтөр нар өөрсдийн хариуцсан анги салбараа удирдан зохион байгуулж оролцсон. 

•Сүүлийн жилүүдэд Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Дундговь, Ховд аймгууд, Улаанбаатар хотод дэгдсэн хүн малын гоц халдварт боом, шүлхий өвчний хор хөнөөлийг арилгах ажилд С.Мягмаржав, Л.Зунаа, У.Жавзандулам, Ч.Энхтөр, Ж.Гантөмөр, Д.Дашням, Ж.Батбаатар, Г.Баярсайхан, Ц.Мэндсайхан, Д.Сэргэлэн, Ч.Мягмарсүрэн нарын олон гишүүд маань гар бие оролцож, ариутгал халдваргүйжүүлэлийн арга хэмжээг мэргэжлийн түвшинд гүйцэтгэсэн билээ. 

•2010 онд НҮБ-ын дэмжлэгээр зохиогдсон зудын гамшгийн үнэлгээг боловсруулах ажилд Г.Баярсайхан оролцож хувь нэмрээ оруулсан. 

•Дархан-Уул аймгийн Хонгор суманд мөнгөн ус, цианид ашиглан хууль бусаар алтны хүдэр, шлам боловсруулах үйл ажиллагаанаас үүссэн бохирдлыг саармагжуулах, хоргүйжүүлэх ажиллагаанд Б.Ган-Уул, Б.Буянтогтох, Х.Цогбадрах нар оролцсон. 

•2008-2009 онд уул уурхайн салбарт ашиглаад хаягдсан химийн хортой аюултай бодисын хог хаягдлыг булшлах ажиллагаанд Б.Ган-Уул, Б.Буянтогтох, Г.Баярсайхан, Х.Цогбадрах нар биечлэн оролцож мэргэжлийн үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн болно. 

Химийн зэвсгийн хориглох конвенцийн хамтын ажиллагааны хүрээнд Швед, Швейцар, Чех, Серб, Иран, Солонгос зэрэг улсуудад зохион байгуулагдсан сургалт семинарт У.Жавзандулам, Д.Сэргэлэн, О.Батдорж, Д.Энхбаатар, Б.Баяржаргал, Г.Чинзориг, П.Нарангэрэл нар, цацрагийн хордолтоос иргэд, эд хөрөнгийг хамгаалах чиглэлээр Чех, ХБНГУ-д сургалтанд С.Мягмаржав оролцож мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлсэн. 

Баруун Сахар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс, Сьерра Леон, Чад, Судан, Ирак зэрэг улсуудад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд дэд хурандаа Д.Ганзориг, хурандаа Д.Энхбаатар, хурандаа Д.Нарантулга агсан, хурандаа И.Батболд, дэд хурандаа Д.Сэргэлэн, хурандаа П.Нарангэрэл, хурандаа А.Бүрнээбаатар нар цэргийн ажиглагч, цэргийн багийн ахлагч, ажиллагааны офицерын үүргийг нэр төртэй гүйцэтгэсэн билээ. 

   Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд химийн бодис ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа ААН, байгууллагад хуримтлагдаад байгаа химийн хорт болон аюултай бодисын эзэнгүй хог хаягдал, нэр томъёо нь үл мэдэгдэх, хугацаа дууссан химийн бодисуудыг устгах, булшлах зайлшгүй шаардлагаар хорт болон аюултай бодисууд болон тэдгээрийн хог хаягдлуудыг нэн яаралтай төвлөрүүлж, төрөлжүүлэн хадгалах, хоргүйжүүлэх, саармагжуулах, устгах ажилд манай ТББ-ын гишүүд өөрсдийн мэдлэг, чадвар, дадлагаа хуваалцан оролцох эрмэлзэл дүүрэн байна.

 

Гэрчилгээ